Цахим баримтыг нотлох боломжтой үүсгэх, үүсгэсэн файлаа үнэн зөв эсэхийг шалгахад гурван оролцогч тал байна:
Цахим баримт олгогч байгууллага: Жишээ нь Банк. Банк дансны хуулгыг цахим хэлбэрээр олгоно.
Иргэн эсвэл үйлчилгээ авагч байгууллага: Жишээ нь Дорж. Дорж Банкнаас өөрийн дансны хуулгаа цахим хэлбэрээр (PDF) авна.
Шалгагч байгууллага эсвэл хувь хүн: Жишээ нь гадаадын виз мэдүүлгийн газар буюу элчин сайдын яам. Доржийн дансны цахим хуулгыг авч үнэн эсэхийг шалгана.
Доорх зурагт цахим баримт блокчэйнд үүсгэх болон шалгах процессыг харуулав:
Иргэн цахим баримт олгогч байгууллагаас цахимаар баримт авах хүсэлт өгнө.
Цахим баримт олгогч байгууллага цахим баримт үүсгээд түүнийхээ Hash утгыг тооцоолон олж түүнийгээ блокчэйнд бичнэ. Блокчэйнд тухайн файлын агуулга бичигдэхгүй зөвхөн Hash утга буюу файлыг төлөөлсөн дахин давхардахгүй дугаар бичигдэнэ. Уг дугаараас файлын эх хувийг буцаан сэргээх боломжгүй.
Байгууллага иргэнд цахим файлаа өгнө. Иргэн цахим файлыг өөрөө эзэмшиж, өөрөө захиран зарцуулах боломжтой болно.
Иргэн өөрийн эзэмшиж буй цахим баримтаа аль нэг үйлчилгээ үзүүлэгч байгууллагад аваачиж өгнө (и-мэйлээр, үйлчилгээ үзүүлэгч системээр, флашаар г.м.).
Үйлчилгээ үзүүлэгч байгууллага тухайн хүлээн авсан файлын Hash утгыг дахин тооцоолно. Уг тооцоолсон утгаа 2-р алхамд блокчэйн дээр бичигдсэн Hash утгатай харьцуулан үзнэ. Хэрэв уг хоёр утга ижил байвал тухайн цахим баримт үнэн зөв буюу өөрчлөгдөөгүй гэдгийг гэрчилнэ. Хэрэв иргэн уг файлыг өөрчилсөн, хуурамчаар үйлдэх оролдлого хийсэн бол файлын Hash утга өөрчлөгдөж блокчэйн дээрх Hash утгатай таарахгүй болно. Энэ дохиолдолд тухайн цахим баримт үнэн биш буюу хүчингүйд тооцогдоно.
Жишээбэл та Голомт банкны интернет банкнаас дансны хуулгаа авахдаа "Blockchain-ээр баталгаажсан" сонголтыг хийн цахим хуулгаа татаж авч болно. Энэ үед Голомт банкны систем таны цахим дансны хуулгын Hash утгыг блокчэйнд автоматаар бичнэ.
Та дансны цахим хуулгаа өөр нэг байгууллагад аваачиж өгөх, эсвэл та өөрөө уг файл үнэн зөв, өөрчлөгдөөгүй эсэхийг шалгах, баталгаажуулах бол www.notly.mn веб сайт руу орж цахим файлаа сонгоно. Уг веб сайт нь ямар нэг сервер лүү таны файлыг илгээхгүй, зөвхөн таны веб хөтөч (browser) дээр файлын Hash утгыг тооцоолон зөвхөн Hash утгыг блокчэйнээс шалгана. Шалгахдаа ямар нэг эрхээр нэвтрэх, төлбөр төлөх шаардлагагүй.
Хэрэв таны цахим дансны хуулга хүчинтэй, үнэн зөв бол дараах дэлгэц гарч ирнэ. Та дэлгэцийн зүүн дээд талд байгаа ногоон дэвсгэр дээрх "Хүчинтэй" гэсэн тэмдэглэгээг сайтар анзаарах хэрэгтэй. Мөн тухайн цахим баримтыг хэн хэзээ үүсгэсэн, блокчэйнд бичсэн дугаар зэргийг сайтар шалгаж баталгаажуулах хэрэгтэй.